Хичээлийн шинэ жилийн нээлт

21/08/2019

2019.08.19 Даваа гарагт Улаанбаатар дахь Бритиш Сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, сурагчдаа угтан авлаа. 

Сургуулийн захирал хадагтай Карен Морт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 2019-2020 оны  хичээлийн жилд олон шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ ОУ дахь магадлан итгэмжлэлээ амжилттай бататган ажиллаж байгаагаа онцолсон юм. Мөн тэрээр 2019 оны төгсөгчдийн  олон улсын их сургуулиудад элсэн орох буюу A-Level шалгалтын өндөр үзүүлэлтэд баяр хүргэн мэндчиллээ. Эдгээр төгсөгчдийн шалгалтын дүн дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр байгааг мөн дурдсан юм. 

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийн хамгийн хүндтэй зочин нь Их Британи Умард Ирландын Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малон байлаа. 

Эрхэмсэг ноён элчин сайд: 

"Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. 

Намайг урьсан захирал Карен Морт болон сургуулийн захиргаанд баярлалаа. 

Өнөөдөр 2019/2020 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр тохиож байна.  Та нарын заримынх нь хувьд Улаанбаатар дахь Бритиш сургуульд суралцах эхний өдөр бол заримынх нь анх удаагаа сургуульд орж буй өдөр юм. Анх сургуульд орж буй та бүхэн тавтай морилно уу. 

Мөн зарим нь шинэ ангид орж байгаа бол нөгөө хэсэг нь дунд болон ахлах ангидаа орж буй эхний өдөр.  Азтай заримынх нь сургуульд сурах сүүлийн жил ч хамгийн чухал жил учир баярлах хараахан болоогүй байна. 

Сурагч насныхаа шинэ хуудсыг эхлүүлэхээр тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт найдаж байна. 

Намайг сургуульд сурч байснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч хичээлийн шинэ жил эхлэхэд хэрхэн догдолдог байснаа одоо ч санаж байна. Манай ангийхан хэн байх бол? Энэ жил сайхан ааштай багш нар орох болов уу эсвэл онцгүй ааштай нь таарах болов уу? Илүү их тоглох цаг гарах болов уу? Сургуулийн хоол сайжирсан байх уу гээд л... 

Аз болоход намайг сурч байсан үеээс сургуулиуд илүү найрсаг, сургуулийн хоол ярилтгүй сайжирсан. Миний санааг зовоодог байсан асуудлууд та бүхэнд тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Хичээлийн шинэ жил эхлэхийг хүлээн суух нь сэтгэл хөдлөм бас сүрдмээр байдаг. 

Миний хамгийн ихээр ойлгосон зүйл бол та хэдэн настай ч байсан, эцэг эх, багш нарын хувьд ч гэсэн боловсрол хамгийн чухал нь бөгөөд бүхний суурь болдог гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. 

Зөв боловсрол эзэмшсэн бол таны амьдралын зам зөв байх болно. 

Боловсролыг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Зөвхөн сургуульд суран эзэмшиж буй боловсрол биш юм. Хүндлэл, хариуцлага, тэвчээр, нинжин сэтгэл, шаргуу хөдөлмөр, хөрвөх чадвар, сониуч зан, идэвх зэрэг амьдралын үнэт зүйлс, ур чадварт та бүхэн суралцах болно.  

Ингээд сонсоход маш урт жагсаалт мэт санагдах ч зөвхөн сурагчид та нар өөрсдөө олж эзэмших чадварууд биш нь сайн хэрэг. Учир нь эцэг эх, багш нар эдгээр чадварт суралцахад тань тусалж дэмжих үүрэгтэй. Иймээс хамгийн сайныг сурахын тулд тэдэнд шаардлага тавин шаргуу ажиллуулах хэрэгтэйгээс гадна өөрсдөө ч хичээх хэрэгтэй. 

Ийнхүү сурснаар та бүхэн өөрсдийн чадавхийг бүрэн нээж зорилгодоо хүрэн эргэн тойрондоо хувь нэмрээ оруулах болно. Сургуульд зөвхөн хүнд хичээл үзэж цагийг өнгөрөөдөггүй. Энд та нар цагийг зугаатай өнгөрүүлж дүрслэх урлаг, хөгжим, спорт зэрэг дуртай зүйлсээ хийх боломжтой. Мөн насан туршийн нөхөрлөл бий болдог. Би одоо ч гэсэн 50 жилийн өмнө нөхөрлөж байсан сургуулийн найз нартайгаа холбоотой байдаг. 

Иймээс энэ сайхан сургуульд сурч олон зүйлс сурах боломж байгаад талархацгаая. Аль болох ихийг сурч өөрийн хувьд хамгийн шилдэг нь байгаарай. 

Өнөөдөр болоод амьдралынхаа туршид боловсрол эзэмшихдээ баяртай, эрч хүчтэй, эерэг байгаарай."

гэж дурьдаад Их Британи ба Монгол улсын хоорондох соёлын харилцаанд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн гүйцэтгэж буй үүрэг чухал болохыг тодотгосон юм. 

Шинэ хичээлийн жилд нийт 35 магадлан итгэмжлэгдсэн Англи багш нар Их Британий боловсролын хөтөлбөрийн дагуу Монгол улсад ажиллаж буй гадаад иргэдийн хүүхдүүд болон Монгол хүүхдүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлдэг. 

A group of people around each otherDescription automatically generated

Үүнээс гадна өнгөрсөн зуны хугацаанд манай сургууль сурагчдын сурах орчинг улам сайжруулахын сацуу, мэдээлэл технологийн тэнхмүүдийн бүрэн шинэчлэлт хийж, сурагч бүрийн эрүүл мэндийг тогтмол хянах боломжтой эрүүл мэндийн төв байгуулж, номын сангаа өргөтгөж, багш нарынхаа ажиллаж, амьдрах орчинг шинэчлэн тохижууллаа. 

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллгааны хураангуйг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.


Хичээлийн шинэ жилийн нээлтийн төгсгөлд Улаанбаатар дахь Бритиш сургууль эрдэм мэдлэг, суралцах хүсэл тэмүүлэл басхүү бие даасан байдлыг билэгдсэн шинэ логогоо танилцууллаа.